Шарын голын уурхай цэвэр брикетэн түлш үйлдвэрлэнэ.

Шарын Голын уурхайн удирдлага нүүрс баяжуулах үйлдвэр барих, утаагүй түлш, брикетийн үйлдвэрээ өргөтгөх ажилд зориулан ЕСБХБ-аас 10 сая ам.долларын санхүүгийн багц зээл авах гэрээнд гарын зурлаа.

Санхүүгийн багц зээл баталгаажиж, санхүүжилт хийгдсэнээр Шарынгол ХК нь нүүрсний байгалийн болон механик чулуун хольцийг ялгах, ангижруулах замаар боловсруулах үйлдвэр болон шахмал түлшний үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Угаасан нүүрс болон брикетэн түлш нь шууд үйлдвэрийн хэрэглэгчдэд хүрч хайлуулах үйлдвэр, цементийн үйлдвэрлэлд болон айл өрхийн хэрэгцээнд ашиглагдана. Харин төслийн эхний шат дуусахаар өргөтгөсөн үйлдвэр нь жилдээ 75 гаруй мянган тонн хагас кокс болон брикетэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм.

ЕСБХБанкны Байгалийн баялгийн асуудал хариуцсан захирал Эрик Расмуссен хэлэхдээ: “Бид Улаанбатар хотын агаарын чанарыг сайжруулах энэ төсөл дээр Шарын Голтой хамтран ажиллах боломжтой болсондоо ихээхэн баяртай байна. Орон нутгийн нийгэм эдийн засгийн хөгжилд нааштай нөлөө үзүүлэхийн төлөө зүтгэж буй компаний нийгмийн хариуцлагыг өндрөөр үнэлж байна. Өндөр чанартай цэвэр, өртөг шингэсэн нүүрсний үйлдвэрлэлийн талаарх компанийн стратегийг бид дэмжихэд бэлэн байна” гэжээ.

Шарын гол ХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Жеймс Пассин хэлэхдээ: “Банк болон түүний зөвлөхүүдийн зүгээс судалж үйл ажиллагааны, санхүүгийн, хууль эрхзүйн, геологийн, байгаль орчны, болон нийгмийн чиглэлээр өндөр шалгуур давсны үр дүнд ЕСБХБанкнаас санхүүгийн багц зээл авах болсондоо бид туйлын баяртай байна. Удаан хугацааны зээлийн санхүүжилт нь Шарын гол ХК-д өөрийн охин компани болох Нако Түлш ХК-аар Монгол улсын зах зээлд нийлүүлэх утаагүй түлш үйлдвэрлүүлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж олгож байгаа юм. Манай бүтээгдэхүүн нь 2015 оны өвөл гэхэд Улаанбаатар хотын агаарын чанарыг бодитойгоор сайжруулна гэж бид төлөвлөж байна” гэжээ.

Шарын голын уурхай нь ЕСБХБ-аас санхүүгийн багц зээл авснаар нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй уурхай болон хөгжихөд нэг алхам ойртлоо.