Шарын гол ХК-ийн 50 жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө

logo

 

Шарын голын нүүрсний ил уурхай эх орныхоо хэрэгцээнд нүүрс нийлүүлсэн өдрөөс хойш хагас зуун жилийг ардаа орхисон билээ. Энэхүү хугацаанд хийж бүтээсэн ажлаа тайлагнах, уурхайгаас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар, гавъяат, алдартан, ахмад уурхайчид болон нийт ажиллагсад, үе үеийн уурхайчдаа хүндэтгэсэн 50 жилийн ойн арга хэмжээг 2015 оны 7 сарын 31, 8 сарын 1 гэсэн нар хур тэгширсэн 2 өдөр тэмдэглэн өнгрөөсөн нь үе үеийн уурхайчид цугласан дурсамжаа сэргээсэн сайхан үйл ажиллагаа болон өнгөрлөө.

Тус ойд МУ-ын анхны ерөнхийлөгч асан П.Очирбат, УИХ-ын гишүүн асан Л.Даваацэдэв, Түлш Эрчим Хүчний орлогч сайд асан Д.Дондов, З.Төмөрбаатар, болон уурхайн үе үеийн удирлага орлогч дарга инженер техникийн ажилчид хүрэлцэн ирсэн юм.

Мөн МУ-ын ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Б.Тогтох-Буян, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Дархан-Уул аймгийн засаг дарга С.Насанбат, УУЯ, АМГ, ЭХЯ-уудын төлөөлөгчид, “Дархан ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Нямдаваа, “Эрдэнэт ДЦС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал О.Ганбаатар, Сүмогийн 68 дахь ёкозүна Асашорюү Акинори Д.Дагвадорж, МУ-ын аварга Г.Эрхэмбаяр болон бусад харилцагч байгууллагуудаас зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж ойд хүндэтгэл үзүүлэв.

50 жилийн ойн өдрөөр уурхайг МУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-оор шагнасан бөгөөд хуучин ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа зарим уурхайчдыг ”Гавъяат уурхайчин”, “Тэргүүний уурхайчин” цол тэмдэг, “Салбарын Жуух бичиг”, “Аймгийн тэргүүний ажилтан”, “Найрамдал дархан” тэмдэг, “Шарын гол сумын Засаг даргын Жуух бичиг”, “Шарын гол сумын Хүндэт тэмдэг”, “Засаг даргын Жуух бичиг”, “Хүндэт өргөмжлөл” зэрэг шагналуудаар олон уурхайчдыг шагнаж урамшуулав.

Шарын гол ХК нь 50 жилийн ойг угтаж хийсэн томоохон ажлуудын нэг нь жилдээ 600,000 тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэр байсан бөгөөд тус үйлдвэрийг 2015 оны 6 дугаар сарын 17 нд ашиглалтанд оруулсан билээ. Мөн ойг угтаж хөшөө босгох, зам сайжруулах, ногоон хүлэмж барих, мөрөөдөл биелдэг юм телевизийн нэвтрүүлэг хийх зэрэг олон бүтээлч ажлуудыг хийлээ.

Анх 1965 оны 2 дугаар сарын 14 нд Шарын голын уурхайг хүлээн авч байсан үеийг дурсаж ярьсан ахмадууд цөөнгүй байсан нь энэхүү үйл ажиллагааны онцлог байсан юм.

Баярын үйл ажиллагааг зохион байгуулах, бэлтгэл хангах төлөвлөгөөт том, жижиг нийгмийн хариуцлагтай олон ажлуудыг цаг тухайд нь зохион байгуулсан ахмадууд, удирдлага, гар бие оролцсон нийт ажилчиддаа дахин баяр хүргье.

Энэхүү ойд хүрэлцэн ирсэн, ирж амжаагүй нийт Шарын голын ил уурхайн үе үеийн уурхайчид тэдний гэр бүл, үр хүүхдүүдэд нь эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсье.

Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, Компанийн захиргаа, Ойн комисс