“Шарын гол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон нийт уурхайчдынхаа өмнөөс

sharyngolМонгол улсын гал голомт болсон түлш эрчим хүчний салбарын хамгийн анхны нүүрсний томоохон ил уурхай болох “Шарын гол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон нийт уурхайчдынхаа өмнөөс тус уурхайн хувьцаа эзэмшигчид та бүхэнд морилон ирж буй шинэ оны баярын мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2013 он бидний хувьд их бүтээн байгуулалт, их хөгжил дэвшилийн жил болон улиран одож байна. Өнгөрч буй 2013 оны 12 дугаар сарын 15 өдрийн байдлаар нийт 3.368.7 мянган м3 хөрс хуулж, 683,0 мянган тонн нүүрс олборлож, 25.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

Энэ нь хөрс хуулалтын хэмжээ сүүлийн 7 жилийн дунджаас үлэмж нэмэгдэж, нүүрс олборлолтын хэмжээ сүүлийн 3 жилийн дунджаас 2 дахин, хөрөнгө олуулалтын хэмжээ өнгөрсөн оныхоос 10 дахин нэмэгдсэн амжилт байлаа. Шинэ оны босгон дээр нүүрс тээвэрлэлтэнд ашиглагдах хүнд даацын 3 шинэ автомашиныг ашиглалтанд оруулсанаар шинэ оноо угтаж байна.

2014 он бидний хувьд уурхайн өөрчлөлт шинэчлэл, өрнөл хөгжлийн жил болон үргэлжлэх болно. 2014 онд бид 5,560 мянган м3 хөрс хуулж 1.4 сая тонн нүүрс олборлох бөгөөд хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэн 2013 онд суурийг нь тавьж байгаа нүүрс угаах үйлдвэрийг бүрэн ашиглалтанд оруулахын зэрэгцээ уурхайн өргөтгөлийн хэсэг болох Шаазгайтын ордын бэлтгэлийг хангах гол зорилт тавьж ажиллах юм.

Цаашид дэлхийн стандартад нийцсэн уул уурхайн компани болох бидний хөгжлийн ирээдүй Шарынголчуудаас өөрсдөөс нь болон хувьцаа эзэмшигчид, Шарынголынхоо төлөө, цаашилбал улс орныхоо төлөө гэсэн сайхан сэтгэлтэй хүмүүс, хамт олны оюун ухаан, хүч хөдөлмөрөөс шалтгаална гэдэгт гүнээ итгэж байдгаа илэрхийлье.

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид, уурхайчид, бизнесийн түнш хамтран ажиллагсдадаа шинэ ондоо амжилт бүтээлээр арвин баялаг, аз хиймориор дүүрэн жаргалтай явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.